Tuesday, June 12, 2012

“Дорнод нутаг” наадмын бэлтгэлдээ гарлаа

Дорнод аймгийн "Дорнод нутаг" дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа. Тус дэвжээнийхэн өнгөрсөн жилээс эхлэн “Монгол шилтгээн”-д баяр наадмын бэлтгэлээ базаах болсон бөгөөд энэ жил ч мөн адил тэндээ гарцгаав.
"Дорнод нутаг" дэвжээний галд улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж, аймгийн арслан Б.Батхуяг, Г.Түмэнжаргал, аймгийн заан П.Мөнхбат, аймгийн начин Х.Алтансүх, Ш.Нямсайхан, Д.Ариунмөрөн нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 30 орчим хүчтэн багтжээ. Галын багш, дасгалжуулагчаар улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж нар, харин зөвлөхөөр улсын начин Г.Пүрэв-Очир ажиллах юм.

Нээлтийн ажиллагаанд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн заан П.Мөнхбат түрүүлж, Сэргэлэн сумын харьяат, аймгийн начин Х.Алтансүх үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт, Баяндун сумын харьяат, аймгийн арслан Б.Батхуяг, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан Г.Түмэнжаргал нар шалгаран үлджээ.

Нээлтийн барилдааны үеэр Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, улсын арслан Х.Өлзийсайханы хүү улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Цагаан-Овоо сумын харьяат, улсын начин Г.Пүрэв-Очир, МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, "Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо" -ны тэргүүн, МҮОНТ-ийн Чандмань студийн сэтгүүлч Д.Батжаргал нарын хүндэт зочид хүрэлцэн ирцгээв. Энэ үеэр нээлтэд уригдан ирсэн улсын арслан Ө.Эрдэнэ-Очирт "Дорнод нутаг" дэвжээнээс хүндэтгэл үзүүллээ.

Барилдааныг нээж ая дуугаа өргөсөн ДБЭТ-ийн гоцлол дуучин Ч.Чинзориг бөхчүүд болон хүрэлцэн ирсэн зочидтой хамдтаа "Халуун элгэн нутаг" дууг дуулснаар галын нээлтийн ажиллагаа өндөрлөсөн юм.

No comments:

Post a Comment